«ИРГЭДЭЭ СОНСЪЁ – АСУУДАЛ ШИЙДЬЕ» ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

«ИРГЭДЭЭ СОНСЪЁ – АСУУДАЛ ШИЙДЬЕ» ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газартай хамтран хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн дуу хоолой, санал, хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор «Иргэдээ сонсъё – Асуудал шийдье» өдөрлөг (2026.11.06) зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 150 гаруй иргэн оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөл шинэ захын байртай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй газруудад замын цагдаа тогтмол ажиллуулах, стандарт бус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.

Дээрх асуудлын хүрээнд аймгийн цагдаагийн газраас гэр бүл, хүүхдийн эрх зөрчигдсөн гэх асуудалтай холбоотой хамтарсан багийг ажиллуулах, замын тодорхой цэгүүдэд олон нийтийн цагдаа ажиллуулах, зарим асуудлыг шалгуулахаар шийдвэрлэсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явц байдалтай биечлэн танилцуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, оролцогч байгууллагын зүгээс иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх эсвэл харьяалах байгууллагад хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллалаа.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа