Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл "Хууль бусаар ан агнах"-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 24 хүнд холбогдох 16 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Баруун аймгуудад хууль бусаар ан агнах хэргүүд зонхилон гардаг бөгөөд 2026 оны эхний 5 сарын байдлаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас ховор амьтан болох хүрэн баавгай, Алтайн хойлог шувууг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
- С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг зохих байгууллагаас зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд өвөлжөөний байшиндаа баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд С.Т-г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, амьтны аймагт учруулсан хохиролд 24,8 сая төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;
- Н.Н нь 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны Алтайн хойлог шувууг агнасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Н.Н-г ховор амьтныг хууль бусаар агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, амьтны аймагт учруулсан хохиролд 434 мянган төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийн (бусдын өмчлөлийн) үнэ 750 мянган төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Иргэн танд
Амьтны тухай хуульд зааснаар тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг "ховор амьтан" гэж тодорхойлж, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг зөвхөн тусгай зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрдөг.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад 7 төрлийн 70 зүйл амьтан орсон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=202964&showType=1%C2%A0
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсраалт Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759930148011&showType=1%C2%A0
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.
Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход иргэн бүрийн оролцоо нэн чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар