БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 1.4 ДАХИН ӨСЖЭЭ

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 1.4 ДАХИН ӨСЖЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2022 оны эхний 11 сарын байдлаар авлига, албан тушаалын 40 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тиймээс тус прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, хэд хэдэн ажил, арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулаад байна.

Тухайлбал, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз,  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, аймгийн Давж заалдах шатны шүүх, Мэргэжлийн хяналтын газар, Монголын Криминологчдын холбоотой хамтран авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэвтрүүлэг, “Авлигын Криминологи онолын чиг хандлага” сэдэвт ном, зурагт хуудас, гарын авлага зэргийг бэлтгэн орон нутгийн төрийн болон төсөвт байгууллагуудын удирдах, гүйцэтгэх алба хаагчдад болон иргэдэд хүргэcэн байна.

Мөн аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Өмирбек “Шүүхээр шийдвэрлэгдсэн авлигын гэмт хэрэг”, хяналтын прокурор Я.Дина “Авлигын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар тус тус  мэдээлэл бэлтгэн төрийн албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулжээ.